loader
Ипотекийн зээлийн 8% гэсэн тоогоор хөөцөлдөх шаардлагагүй

Ипотекийн зээлийн 8% гэсэн тоогоор хөөцөлдөх шаардлагагүй

2023 он гарснаар цар тахлын тухай хуулийн хугацаа дуусгавар болж, нийт ипотекийн зээлтэй иргэдийн 80 орчим хувь нь хоёр жил найман сарын дараа шинэ оны 1-р сараас зээлээ төлж эхэллээ.

Ипотекийн зээлийн эргэн төлөлт хийж эхлэхтэй зэрэгцэн зарим зээлтэй иргэд 8%-ийн хүүг бууруулах шаардлага тавьж, нийгмийн сүлжээнд төрөл бүрийн групп үүсгэж, төр засагт гомдол саналаа уламжлахыг уриалах болсон. Мэдээж олон сар жилээр зээлийн төлбөр хойшлуулж, зээлгүй мэт амьдарч ирсэн хүмүүст зээлээ төлж эхэлнэ гэдэг хэцүү нь ойлгомжтой. Гэхдээ зарим цахим сайт болон интернэт орчин дахь мэдээллийг нягталбал өөр дүр зураг харагдана.

Хөнгөлөлттэй хүүтэй ипотекийн орон сууцны зээлийн хөтөлбөрийг анх 2013 онд эхлэхэд жилийн хүүг  8 +/-1% хүүтэй буюу инфляцын өсөлт, бууралттай уялдуулан тогтоож байхаар анх журамласан байна. Үүнээс хойш 8% хүүтэй зээл олгож, олдоц хүртээмж нэмэгдэн 2013-аас 2020 оны 9-р сарыг дуустал хугацаанд нийт 86 мянга орчим иргэн бага хүүтэй урт хугацаатай орон сууцны зээлд хамрагдан орон байр өмч хөрөнгөтэй болсон байдаг.

6%-ийн хүүтэй зээл:

Харин 2020 оны аравдугаар сарын 1-ээс эхлэн уг хөтөлбөрийн санхүүжилтийн журамд өөрчлөлт оруулан зээлийн хүүг 6% болгон бууруулах шийдвэр гарч, 2020 оны аравдугаар сарын 01-ээс хойш олгосон зээлүүд 6% -тай гарсан байна.

Энэ нь ойролцоогоор нийт зээлдэгчдийн 83 хувь нь 8 хувийн хүүтэй зээлтэй үлдсэн 17 орчим хувь нь 2020 оны аравдугаар сараас хойш зээл авсан буюу 6 хувийн зээлтэй байна. Үүнээс харахад ипотекийн зээлтэй иргэдийн дийлэнх олонх нь 8 хувийн зээлтэй ажээ.

Өөрөөр хэлбэл одоо хүртэл 110 гаруй мянган иргэн ипотекийн зээлээр байртай болсон гэдэг тоо байдгаас тэдгээрийн дийлэнх олонх  буюу 80 орчим хувь нь 8 хувийн зээлтэй юм байна.

8% ба 6%-ийн талцал:

Зээлтэй иргэдийн талаас харвал 8 гэдэг тоог 6 гэдэг тоо руу оруулах нь тэдэнд чухал байх шиг. Учир нь адилхан л хөтөлбөрийн зээлтэй байж, зарим нь 6 хувиар хүү төлөөд зарим нь 8 хувиар хүү төлж байгаа нь шударга бус байна гэж ярьж байгаа. Мөн тэд өөрсдөө тооцоо хийж үзээд 8 хувийн хүүтэй зээлийг 6 хувь руу шилжүүлбэл сарын төлөлт нь дунджаар 100 орчим мянган төгрөгөөр багасна гэж гаргаж.

Тэгвэл нөгөө талаас нь албаны хүмүүсийн хийсэн тооцооллоор 8 хувийн зээлтэй иргэдийн тоо үнэмлэхүй их байгаа ба 6 хувь руу шилжүүлэхэд 330 орчим тэрбум төгрөгийн нэмэлт зардал улсын төсөв дээр нэмэлт ачаа болж ирнэ гэсэн байна. Мөн 8 хувийн зээлтэй иргэдийн 66 орчим хувь нь сард 200-600 мянган төгрөг төлдөг бол 6 хувийн зээлтэй иргэдийн 67 хувь нь 200-600 мянган төгрөгийн сарын төлөлттэй гэсэн тоон мэдээлэл байна. Өөрөөр хэлбэл зээлийн хүү 8 эсхүл 6 байхаас үл хамааран сүүлийн жилүүдийн орон сууцны үнэ, барилгын материалын үнийн өсөлт зэргээс шалтгаалан 2020 оны 10 сараас хойш зээл авсан иргэд хэчнээн 6 хувийн зээлтэй ч 8 хувийн зээлтэй хүмүүстэй адил эсхүл илүү хэмжээний зээлийн төлөлт хийдэг байна.

Тэгэхээр зөвхөн 8, 6 гэсэн тоогоор хөөцөлдөх биш сард төлж байгаа төлбөрийн хэмжээ, сүүлийн жилүүдийн байрны үнийн өсөлт, одоогийн арилжааны орон сууцны зээлийн хүү, төв банкны бодлогын хүүгээ бодоод “ялархалгүй” зээлээ төлж эхлэх нь хаа хаанаа ухаалаг болох юм. Мөн хямд хүүтэй орон сууцны зээлийг эхэлж авсан иргэд байрны үнэ бага байхад зээл аваад одоо хөрөнгө нь илүү үнэд орсон гээд олон “өрмийг” нь авчхаад 8 хувиар зээл авсан гэж гомдол санал хийх нь нийгэмд хий дэмий бухимдал үүсгэж байна.


foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Орон нутгийн замд хөдөлгөөнт эргүүлүүд ажиллаж байна

Сар шинийн баярын өдрүүдэд орон нутагт зорчих хөдөлгөөн нэмэгддэг.Иймд замын хөдөлгөөний дүрмээ баримталж, хурдаа тохируулан явахыг Тээврийн Цагдаагийн Албанаас зөвлөж байна. Мөн олон улсын болон улсы

ЭМЯ: Сармагчны цэцэг өвчний цэврүүнд хүрсэн хүмүүс өвчлөх эрсдэлтэй

Эрүүл мэндийн яамнаас халдварт сармагчны цэцэг өвчний талаар мэдээлэл хийлээ.

Д.Сүхбаатарын талбайд хичээлийн шинэ жилийн нэгдсэн худалдаа гарч байна

Хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын захирамжаар оюутан, сурагчдад зориулж 18 байршилд хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулж эхэлсэн. Тухайлбал, өчигдрөөс эхлэн Жанжин Д.Сүхбаатарын талбайд хичээлийн хэрэгсэл, хувцас, ном болон бусад эд зүйлсийн нэгдсэн худалдааг дэлгээд байна.