loader
Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тунхаг бичигт улс төрийн 24 намын удирдлага гарын үсэг зурав

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тунхаг бичигт улс төрийн 24 намын удирдлага гарын үсэг зурав

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тунхаг бичигт өнөөдөр улс төрийн 24 намын удирдлага гарын үсэг зурлаа. Уг тунхаг бичигт Үндсэн хуульд 10 чиглэлээр нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг шийдвэрлэхээр тусгасан байна. Уг чиглэлийг ойрын хугацаанд олон нийтэд танилцуулахаар төлөвлөсөн байна.


Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, АН-ын бүлгийн дарга Д.Ганбат, УИХ-ын гишүүн Т.Доржханд нар хэвлэлийн хурал хийж танилцууллаа.


Улс төрийн намуудын удирдлагууд энэ оны нэгдүгээр сараас хойш 7 удаа уулзаж, Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаар ярилцаж, саналаа нэгтгэсэн байна. Түүнчлэн зарим улс төрийн нам жагсаал зохион байгуулж, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах саналаа УИХ-д ирүүлсэн гэдгийг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээллийнхээ эхэнд онцлов.


Тэрбээр, “Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг ард нийтийн санал асуулгаар шийдвэрлэх ёстой. Тиймээс өнөөдрөөс Үндсэн хуулийн зарим заалтыг өөрчлөх асуудлыг иргэдээр хэлэлцүүлэх боломж бүрдлээ. АН, ХҮН намынхан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн санаачилгад нэгдэж, хамтран ажиллана. Нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд төрийн сүлдийг өөрчлөх, парламентын болон сонгуулийн тогтолцоог боловсонгуй болгож, хоёр танхимтай байх, Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болгох, УИХ-ын гишүүдийн тоог нэмэх талаар ард нийтийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулна. Ингээд тэндээс дэмжлэг авсан асуудлуудыг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгаж, өргөн барина” гэлээ.


1992 онд баталсан ардчилсан Үндсэн хуулийг төгөлдөржүүлэх үүднээс нэмэлт, өөрчлөлт хийхээр болж буйг АН-ын бүлгийн дарга Д.Ганбат дурдлаа. Тэрбээр, “МАН бол 100 жилийн түүхтэй нам. Өнөөдөр УИХ-д 62 гишүүнтэй байгаа тул Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлах боломжтой юм. Мөн АН, ХҮН нам дэмжиж байгаа” хэмээв.


УИХ-ын гишүүн Т.Доржханд, “Сүүлийн хоёр сарын хугацаанд бид 200 мянга гаруй иргэнтэй нүүр тулж уулзахад 180-190 нь дэмжсэн. Ялангуяа залуус. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлтөөр иргэд эх орондоо сайхан амьдрах, авсан цалиндаа сэтгэл хангалуун байдаг төрийн болон сонгуулийн тогтолцоог бий болгож чадна гэж харж байгаа. Бид УИХ-ын үйл ажиллагааг түр хугацаагаар завсарлуулаад, гишүүдийг тойрогтоо ажиллах боломжийг бүрдүүлэх хэрэгтэй гэсэн шаардлага тавьсан. Үүнийг хэрэгжүүлэх байх гэж итгэж байна” гэв.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

"Даншиг наадам-Хүрээ цам 2022" Хүй долоон худагт болно

Даншиг наадам Хүрээ цам 2022 шашин соёлын наадмыг ирэх наймдугаар сарын 6,7-нд Хүй долоон худагт зохион байгуулах тов гарчээ. Монголын шашин соёлын тус наадам хамгийн сүүлд цар тахлаас өмнө 2020 онд Г

ТУУЛЬЧ Л.БААТАРХҮҮ: Туульч хүн төрдөг

Хүн төрөлхтний биет бус соёлын нэн яаралтай хамгаалах өвд ЮНЕСКО-оос бүртгэсэн, дэлхий дээр байгаа тавхан хөлгөн туульчийн нэг, Монгол Улсын Төрийн батламжит туульч, сэтгүүлч Лхамжавын Баатархүүтэй эн

О.Нямсүрэн: ЭМД-ын шимтгэл ₮66,000, НД-ын сайн дурын даатгал ₮74,250 болж нэмэгдэж байна

ЭМД-д иргэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 1%-ийг сар бүр төлдөг. Хуучин 56,700 төгрөг төлдөг байсан бол энэ оны нэгдүгээр сарын 1-нээс 66,000 төгрөг болж байна" хэмээн мэдээллээ.