loader
Зайлшгүй хэрэгтэй байгаа уушги орлуулагч ECMO аппарат улсын хэмжээнд ганц ч алга

Зайлшгүй хэрэгтэй байгаа уушги орлуулагч ECMO аппарат улсын хэмжээнд ганц ч алга

Шинэ коронавирусийн өвөрмөц эмчилгээ хараахан гараагүй байгаа ч өнөөдрийн байдлаар халдвар авсан 171 иргэн эдгэж, эмнэлгээс гарсныг ДЭМБ-аас мэдээлээд байна.

Хятадын зарим хэвлэлд ECMO/Extracorporeal membrane oxygenation/ буюу уушги орлуулагч аппаратыг уламжлалт эмчилгээтэй хавсарч эмчилгээ хийснээр өвчтөнүүдийг эдгээсэн талаар мэдээлжээ.

Уушгины хатгаа өвчний хүнд үед амьсгалын дутагдалд орсон тохиолдолд ашиглаж, уушгийг орлуулан, цусыг хүчилтөрөгчөөр хангадаг уг аппаратын хэрэгцээ шаардлага байгааг 2009 оны H1N1 вирусийн халдварын үеэс хойш мэргэжлийн эмч нар ярьсаар ирсэн.  

УНТЭ-ийн Эрчимт эмчилгээний тасгийн зөвлөх эмч Ц.Ганбат "Хатгаа хүндэрч амьсгалын дутагдалд орсноор өвчтөн амь насаа алдах тохиолдол гарч байгаа. Амьсгалын аппаратанд орсон хэдий ч үр дүнгүй байгаа тохиолдолд ECMO буюу уушги орлуулагч аппаратыг ашиглан, уушгийг хатууруулахгүй, сэргэх боломжтой болгодог юм.

Уг аппарат ЭМЯ-наас гаргасан эмчилгээний удирдамжид орсон хэдий ч аппарат нь өөрөө үнэтэй мөн зардал өндөртэй/нэг удаагийн хэрэгслүүд ашигладаг/ учраас олон жил яригдаад авч чадахгүй байгаа" хэмээн хэлсэн.

ХӨСҮТ-ийн дэргэдэх Томуугийн үндэсний төвөөс гаргасан тандалт судалгааны дүнгээс харахад 2019 оны эцсийн байдлаар томуугийн В хүрээний вирус зонхилж байсан бол он гараад А хүрээний H3N2 вирус зонхилж эхэлсэн байна. Энэхүү улирлын томуугийн вирус нь уушгины хатгалгаа үүсгэхээс гадна хүндрэл нь нас баралтад хүргэдэг аж.

Хүндрэл гарсан тохиолдолд ECMO аппаратыг ашиглавал зарим нас баралтаас сэргийлэх боломжтой. Өндөр настан, бага насны хүүхэд, хоол тэжээлийн хомсдлоос үүдэн дархлаа сул байгаа иргэд вирусийн халдвар авбал, хатгалгаа болох цаашлаад хүндрэл үүсэж нас барах эрсдэл өндөртэйг эмч нар хэлж байгаа юм.

Шинэ төрлийн коронавирусийн халдвар бүртгэгдээгүй ч улирлын томуугийн дэгдэлт гарсан, халгалтаа ихтэй байгаа одоогийн нөхцөлд зайлшгүй хэрэгтэй хэмээн эмч нар тайлбарлаж буй ECMO аппарат дунджаар 125,000 ам.долларын үнэтэй юм байна.

ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл эмнэлгийн тусламжийн үйлчилгээний чанарыг сайжруулах ажлын хүрээнд зарим тоног төхөөрөмж худалдан авахад шаардагдах санхүүжилтийг Засгийн газрын нөөц хөрөнгөөсөө гаргахаар болсныг мэдэгдсэн хэдий ч худалдан авахаар төлөвлөж буй тоног төхөөрөмжийн жагсаалтад ECMO аппарат байгаа эсэх нь тодорхойгүй байна.

Сүүлийн 10 жилийн дунджаар амьсгалын тогтолцооны өвчлөлд 20.0 гаруй хувийг хатгалгаа өвчин эзэлж байгааг статитсик мэдээллээс харж болно.

2019 оны стасистик мэдээллээр уушгины хатгалгаагаар 78.141 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, 431 хүн нас барсан гэдгийг Эрүүл мэндийн яамнаас  мэдээлсэн. Түүнчлэн дэлхийд жил бүр улирлын томуугийн хүндрэлээр 250-500 мянган нас баралт бүртгэгддэг бөгөөд ДЭМБ-аас 71 хүүхэд тутмын нэг нь энэ өвчнөөр өвчилж байгааг мэдээлсэн.

Хатгалгааны ихэнх тохиолдол Өмнөд Азид тохиолддог /100,000 хүүхэд тутамд 2,500 тохиолдол бүртгэгддэг бол Баруун болон Өмнөд Африк энэ тоо 1,620 байна/ бөгөөд энэ нь цаг уурын нөхцөлтэй холбоотой хэмээн тайлбарладаг.

foto
Нийтлэгч: Tus Tas

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

М.Анхцэцэг хүндийг өргөлтийн ДАШТ-д эх орноо төлөөлөн орно

Колумб улсын Богота хотод хүндийн өргөлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн арванхоёрдугаар сарын 4-6-нд болно.

Олон улсын “Олимпын өдөр” өнөөдөр тохиож байна

Олон улсын “Олимпын өдөр” өнөөдөр тохиож байгаа бөгөөд Олон улсын олимпын хороо /ОУОХ/-ны гишүүн, Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг олимп, спорт-олимпизмыг дэмжигч монго

Шатрын олон улсын мастер Т.Мөнхзул Их мастерийн болзол хангалаа

Дэлхийн шатрын 44-р олимпиад Энэтхэг улсын Ченнай хотод үргэлжилж байна. Энэ үеэр Монголын шатрын үндэсний шигшээ багийн гишүүн "Кайсса" клубын тамирчин, Олон улсын мастер Төрмөнхийн Мөнхзул Эмэгтэй И